Уншигч та үдэш бүрийн телевизийн гадаад мэдээний хөтөлбөрүүдээр “Индонезийн нийслэл Жакарт хотод дэлбэрэлт болжээ, Бали арал дээр жуулчид руу зэвсэгт этгээдүүд халдсан байна” гэсэн утга бүхий мэдээнүүдийг дуу дүрснийх нь хамт нилээдгүй сонссон байлгүй.  Харин яагаад хорвоогийн өнцөг булан бүрээс жуулчид энэ улсыг, тэр дундаа Бали арлыг зорин тасралтгүй урсах голын урсгал мэт хөврөн байдаг юм болоо? Та үүнийг сонирхож үзсэн үү? 

Магадгүй та дээрх оршлоос юуны тухай өгүүлэх гэж буйг минь  ойлгосон буй за. Тийм ээ, үзэсгэлэнт Бали арал, энэ арлын түүх соёлын талаар цухасхан өгүүлэх гэж байна. Та уншаад үзээрэй, таны мэдлэгийн санд нэмэр болж юуны магад. 

Бали арал Индонезийн мянга түмэн арлуудынх нь нэг юм. Газрын зургийг аваад харвал энэ арал нь тус улсын нийслэл Жакарт хот оршдог Ява арлын зүүн талд байрладаг. 5633 км хавтгай дөрвөлжин газар нутагтай тус арлын баруун талаар түүнийг Ява аралтай холбох Балигийн хоолой, зүүн талаар Ломбокын хоолой оршино. Эквадорын шугамд ойрхон оршдог учир ерөнхийдөө халуун дулаан уур амьсгалтай боловч жилийн 10 дугаар сараас 3 сар хүртэлх хугацааг Борооны улирал, 4 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэлх хугацааг Хуурай улирал гэнэ. Хуурай улиралын үеэр энэ арал бүгчим халуун байдаг тул Борооны улиралд жуулчид хамгийн ихээр очдог байна. Түүхийн хүрдийг буцаан эргүүлвэл энэ арал дээр аль 2000 орчим жилийн өмнөөс хүн амьдарч байсны ул мөр олддог боловч арлын хөгжил цэцэглэлт МЭ IVзууны үеэс Хинди шашинтангууд ирж суурьшсанаар эхэлсэн гэж үздэг. Учир нь газар бүтцийнхээ хувьд эрт цагт Балигийн өмнөд хэсэг говь цөлөрхөг газар байсан бөгөөд арлын төв хэсэгт орших гол нуурын ус гольдролынхоо дагуу зөвхөг хойт зүгт урсан оддог байжээ. Хамгийн сонирхолтой нь  арал дээр суурьшсан иргэд газар тариалан эрхлэхийн тулд тусгай суваг шуудуу гарган нуурын усыг арлын өмнөд хэсэг рүү урсгах болсны ачаар байгалийн бүтцэд эрс өөрчлөлт орж  Бали бүхэлдээ ногоон ургамалаар хучигдах болсон байна. Ингээд тэд цагаан будаагаа тариалж эхэлсэн өнөө ч тариалсаар байгаа билээ. 

Тэдгээр хөдөлмөрч хүмүүсийн үр сад болох арлын нийт хүн ам одоогоор 3.2 сая орчим болоод байна. Тэдний бараг 90% орчим нь Хинди шашинтай. Түүнчлэн Муслам, Буддын шашинтангууд ч энд бий. Арлын иргэд уламжлалт цагаан будааны тариалан эрхлэхийн сацуу  гар урлал дархлан аж төрдөг. Арлаар зорчин явахад цагаан будааны талбайд одос үхэр туун, өвдгөөр татсан усан дунд тутрага тариалж буй хүрэн бор арьстай хүмүүс хаа сайгүй харагддаг юм. Өгөөмөр баян нутаг нь үр шимээ харамгүй хайрлаж жилд 3 ч  удаа ургац хураан авдаг болоод тэр үү арлын уугуул иргэд ааш зан сайтай, дуу бүжигт дуртай байдаг бололтой.  Хүн амын ихэнх нь арлынхны уугуул хэл болох Балинез хэлээр ярьдаг боловч албан ёсны сонин сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь Индонез хэл дээр байдаг. Гэвч дэд бүтцийнхээ ихэнхийг газар тариалангаас бус аялал жуулчлалаас бүрдүүлдэг тул Балид англи хэлийг бараг гуравдагч хэлээ болгон сурдаг ажээ. Засаг захиргааны хувьд 4 гол дүүрэгт хуваагддаг бөгөөд төв нь Денпасар хот. 

Харин чухам юу гадны жуулчдын сэтгэлийг соронзон мэт татдаг вэ гэвэл арлын үзэсгэлэнт байгаль, түүх соёлын гайхамшиг бүтээлүүд, арлын иргэдийн өвөрмөц ахуй амьдрал, соёл урлаг, зан заншил, эцэст нь ертөнцийн диваажин болох далайн эрэг дэх наран шарлагын газрууд нь юм. Үзэсгэлэнт ногоон арлын нэгэн хэсэгт  нь одоо ч уугихад бэлэн галт уулууд дүнхийн байдаг. Бали арлын хамгийн өндөр оргил болох  Агүнг галт уул нь ДТД 3162 м ба арлын зүүн хэсгээр оршино. Энэхүү уул нь хамгийн сүүлд 1963 оны 3 дугаар сард идэвхжиж дэлбэрэхдээ эдийн засгийн асар их хохиролыг авчирч,  арлын зарим иргэдийг Индонезын бусад хэсэгт нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн байна. Түүнчлэн одоо ч оргилоход бэлэн дэлхийн идэвхтэй галт уулуудын нэг болох Батур нь энэ арал дээрх жуулчдын заавал очиж үздэг газрын нэг юм. Мэдээж энэхүү галт уулын эргэн тойронд томоохон нуур цөөрөм, халуун рашаанууд байдаг байна. Байгал экологийн хувьд зүсэн зүйлийн ан амьтан, жигүүртэн шувууд, ургамалаар элбэг баян байсан ч хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас нилээд нь устаж үгүй болжээ. Хамгийн сүүлийн судалгаагаар 280 зүйл шувуу байдаг нь тогтоогджээ. Энд тэндгүй сүлжилдэн гүйлдэх сармагчингууд арлын бас нэгэн эзэд гэлтэй. Эгдүүтэй хөөрхөн сармагчингуудын дотор бас хулгайч сармагчингууд ч бас байдаг бөгөөд гаршуулж тэжээсэн хулгайч эзэндээ үнэнчээр зүтгэдэг тул аялагчдын тэднээс болгоомжой байхыг анхааруулсан байдаг байна шүү, манайхан.  Хаа газрын хулгайч нараа гэж, хэцүү юм даа!

 Бали арал дээрх Хинди шашны сүм хийдүүд нь жуулчдын анхаарлыг ихээр татдаг. Энд МЭӨ зууны үед баригдсан ойн гүн дэх хагд хөвдөөр битүү хучигдсан чулуун сүм хийдээс өгсүүлээд далайн эгц хадан эрэг дээр байрлах уран барилгын гайхамшигт бүтээл болох Үлүватү зэрэг ариун дагшин сүм хийдүүд олон байдаг. Ерөнхийдөө арлын уугуул иргэд үгүйсгэхийн аргагүй уран гартай, билгийн нүдтэй ажээ. Тэд гоёмсог модон сийлбэрийг худалдан авагчдынхаа нүдэн дээр сийлж, өнгө будгийг хослуулан будаж худалдаалдаг. Урлангийн сэдэв нь ан амьтан, сав суулга, нүүрний баг гээд элбэг арвин. Гар урлалаараа хамгийн алдартай тосгод Үбүд хэмээх дүүрэгт нь оршдог. Энд ч бас жуулчдын хөл тасардаггүй байна. 

Дээр дурдсанчлан Бали арал наран шарлагын газраараа дэлхийд алдартай. Нилэнхүйдээ шүрэн хадаар хүрээлэгдсэн энэ арлын өмнөд хэсгээр торгон шар элс бүхий эрэгтэй тул наран шарлагын газрууд олноор оршдог. Бали арал бол усанд шумбагчид хийгээд усны цана (surping)-н гулгагчдын хувьд хүслийн диваажин нь юм. Тиймээс эгэл жирийнээсээ аваад энгүй баян, алдар хүндийн оргилд хүрсэн хүмүүс ч Балид гулгахаар, шумбахаар хуран цуглардаг байна. 

Хоол хүнсний тухайд Бали нь олон үндэстний гал тогоогоороо алдартай ажээ. Дасал болсон пицца, Mc Donalds-ийн ресторануудаас аваад хятад, индонез хоолны газруудын алинд нь ч хооллох боломжтой. Хүсвэл Балинез үндэсний шарсан будаа, амтат гурилтай шөлийг ч идэж болно. Далайн бүтээгдэхүүнээр хийсэн хоол хүнс түгээмэл. Ам хэл дарвигнуулсан халуун ногоотой хоолны нэр төрөл ч олон ажээ. Цагаан хоолтнуудын хувьд энд санаа юу идэх бол санаа зовох хэрэггүй бололтой. Ядахад л маш олон төрлийн жимс, жимсгэнэ тарьж худалдаалдаг тул дуртайгаа сонгоод идэж болох юм. Харин шашны зан үйлийн нөлөөгөөр гахайн мах зэрэг зарим төрлийн хоол хүнсэнд тодорхой хэмжээний хорио, хязгаарлалт байдаг байна. Бас нэг зүйлийг хэлэхэд Балид цоргоны усыг унданд хэрэглэдэггүй, тусгай цэвэршүүлсэн ус худалдан авч уух хэрэгтэй. Гуанз, ресторанууд ч гэсэн тусгайлан цэвэршүүлсэн усыг хоол хийхдээ ашигладаг бөгөөд зөвхөн цэвэр ус худалдаалах цэгүүд элбэг байдаг. Сүүлийн үед зарим нэг хоолны газрууд ундаа жүүс, дарс зэрэгт хольдог мөсийг цоргоны усаар хийх хандлага илэрсэн тул жуулчдад болгоомжтой байхыг сануулдаг болсон байна. Бусад талаар идээ ундаандаа санаа зовох зүйл байхгүй бөгөөд далайн эрэг дээр жимсний цэвэр жүүс эсвэл нутгийн амтат вино, жимсний охь шимэнгээ амарч тухлах нь нэг төрлийн жаргал биз ээ. 

Балид ирсэн гадны жуулчид давхар барилгаас илүүтэй Бунгало хэмээх дан сууцыг нь илүүд үздэг ажээ. Үнийн хувьд зэрэглэлээсээ хамаараад янз бүр. Түүнчлэн Балигийн уламжлалт ургамлын хандтай саун массаж нь биеийн алжаал ядаргааг бүрэн тайлах увидастай гэнэ. Зам тээвэр муугүй хөгжсөн тул гол гол дүүргүүдийг холбосон авто замтай. Автобус, албан ёсны таксины алинаар нь ч үйлчүүлэх боломжтой. Манайхтай адил үнэ тохироод явдаг хувийн такси ч бий. Харин нутгийнхан мотоцикль унах нь элбэг. 

Магадгүй та Бали арал дээр очиж амрахаар төлөвлөж байгаа бол юуны түрүүнд аялагчийн визийг урд эсвэл хойд хөршийнхөө аль нэгэнд байрлах Индонезийн элчин сайдын яаманд мэдүүлэх шаардлагатай бөгөөд элчин сайдын яам нь мэдүүлгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дараа асуудлыг шийдвэрлэж өгдөг дүрэмтэй юм байна.

ӨмнөхСИНГАПУР болон МАЛАЙЗИ аялал (8 өдөр)
ДараахьХутонг буюу Бээжингийн G хороолол