Эмээ маань “Биднийг бага байхад манай нийслэл хот чинь ийм олон өндөр барилгагүй, дааман хаалга, өндөр шургааган хашаа, өргөн гудамжтай гэр хорооллууд л байлаа шүү дээ” гэж өгүүлж билээ. Эрхэм уншигч та надтай санал нийлэх эсэхийг мэдэхгүй ч үнэндээ өргөн уудам нутагтаа дураар нүүдэллэн суудаг манай Монголчууд бөөр бөөрөө нийлүүлэн дөрвөлжилж барьсан хашаанд суух “соёлыг” урд хойд хоёр хөршөөсөө, ялангуяа урд хөршөөсөө авч хэрэгжүүлсэн нь худлаа биш ээ.  Ингэж хэлэхийн учир нь Аялаажав би манай гэр хорооллын эх үндэс эсвэл нэг төрөл нь болох Бээжингийн “Хуутан” хороололын талаар тантай үзэж дуулснаа хуваалцах гэсэн юм аа.    

Эдүгээ  Бээжин хотоор аялагч гадны жуулчдын очиж үзэх дуртай газрын нэг нь эртний Хятадын дүр төрхийг хадгалах Хуутан хороолол болжээ. Үнэхээр ч олон салаа, огцом эргэлт бүхий давчуу нарийн гудамж, хэрмэн хашаа, дөрвөлжин байшингуудаас бүтэх Хуутан хороололд очиход улам бүр шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа Бээжин хотын дотроос гэнэтхэн өнгөрсөн үе рүү очих мэт сэтгэгдлийг төрүүлэх ажээ.

 Олон эрдэмтэд Хуутан гэх энэ ерөнхийлсөн нэрийг манай Монгол хэлний “устай худаг” гэдэг үгнээс гаралтай гэж тайлбарладаг. Энэ нь Хубилай хааны байгуулсан Монголын Их Эзэнт Юань Гүрний /1271-1368/ үед өнөөгийн Бээжин хотын суурь тавигдсан түүхээс улбаатай. Түүхийн хуудсыг сөхөн харвал, Хубилай хаан нийслэл хотыг Хархорумаас өнөөгийн Бээжинд шилжүүлж, өөрийн эзэнт гүрнийг удирдах болсон ба хааны ордон өргөөг барьж эхэлснээр түүнтэй зэрэгцэн ордныг бараадан аж төрөх иргэдийн хот хүрээг зохистойгоор зохион байгуулах асуудал тавигджээ. Ингэж Хятадын олон  үеийн эзэн хаадын амьдарч асан ордон болох Хориотой хот хийгээд түүнийг хүрээлэх Хуутан хорооллууд баригдаж  эхэлсэн байна. Юань Гүрний дараа буюу 1368-1628 оны хооронд оршин тогтнож байсан Хятадын  Мин улсын үед Бээжин хот түүний Хуутан хорооллууд эртний нийслэлийн өнгө төрхөө бүрэн олж улмаар Манж Чин  улсын үед /1644-1908/ өргөжин тэлжээ. Манж Чин улсын ноёрхлын сүүлийн жилүүдэд орон сууцны Хуутан хорооллууд нь 10 гадаад, 12 дотоод дүүргээс бүрдэж байв. 

Бүр анхнаасаа л Хуутан хорооллуудыг туйлын цэгцтэйгээр төлөвлөн барьж байгуулжээ. Эзэн хааны ордныг тойрог хэлбэрээр хүрээлэн орших эдгээр хорооллууд ба түүний байшин барилгууд тухайн эзэмшигчийнхээ нийгмийн гарал, зэрэг зиндаа, эзлэх байр суурийг нь илтгэн харуулдаг байв. Хааны ордныг төв болгосон энэхүү тойргийн баруун зүүн талд буюу ордонд хамгийн ойр хэсэгт өндөр сурвалж язгууртнууд хийгээд сайд түшмэдүүдийн  орд өргөө байрлах ба энгийн иргэд, урчууд, худалдаачдын байшингууд хааны ордны урд ба хойд талд түүнээс хол зайтай байрладаг байв. Тэртээх Цьоү улсын үед буюу МЭӨ 1027-256 оны хооронд мөрдөгдөж байсан хүмүүсийг нийгмийн гарлаар нь ангилах тогтолцоонд тулгуурласан журам нь Бээжин хотын зохион байгуулалтыг тодорхойлохын сацуу энэ айлын эзэн хэн бэ гэдгийг нь илтгэж байлаа. Хэрэв тухайн хүний амьдарч буй хороолол нь хааны ордон буюу Хориотой хотоос хэдийчинээ алслагдана нийгэмд эзлэх байр суурь төдийчинээ буурна гэсэн үг. 

Түүгээр ч зогсохгүй эзэмшиж буй хашааны талбай, байшингийн өндөр, ур хийц эзнийхээ хир чинээг тодорхойлно. Ихэс дээдэс болон чинээлэг худалдаачид өргөн цэлгэр хашаандаа уран нарийн сийлж, гоёмсгоор хээлж чимэглэсэн дээвэр, эргэн тойрон хүрээлэх багана бүхий өндөр байшингууд, үзэсгэлэнт цэцэрлэгтэй байв. Ерөнхийдөө Хуутан хорооллын ямар ч айл хашаандаа хэд хэдэн байшин, сайтар төлөвлөсөн цэцэрлэгтэй байдаг. Энгийн иргэд нь босго намхан, навтгар байшинтай байсан ажээ. Зарим эх сурвалжид тэмдэглэснийг үзвэл Юань Гүрний үед Хуутан хороолол дахь язгууртнуудын байшингууд 9,3 м өндөртэй, харин бусдынх нь түүнээс намхан байх ёстой байсан байна. 

1911-1949 оны хооронд Хятадад үүссэн нийгмийг хамарсан тогтворгүй байдал, удаан үргэлжилсэн иргэний дайн, Дэлхийн 2-р дайны хар сүүдэр, соёлын хувьсгал, их барилгажилтын үйл явц хуучны Хуутан хорооллуудыг тойрсонгүй. Урьдын цагт нэг айл өрх дангаар эзэмшдэг байсан хашаа байшингуудыг олон өрхөд албадан хуваарилж, нэгэн үе замбараагүй олон захын дүүрэг гудамж баригдсаны улмаас туйлын эмх цэгцтэй  Хуутангийн зохион байгуулалтыг алдуулж байсан бол удалгүй тэдний олонхийг нурааж оронд нь өндөр барилгууд барих болжээ. Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар уламжлалт хэв шинжийг хадгалсан зарим Хуутан хорооллыг түүх соёлын өв болохын үүднээс хамгаалалтад авч, сэргээн засварлаж дотоод гадаадын аянчин гийчдэд үзүүлж харуулах болсон юм.

Хуутан хороололд очиход нарны гэрэл сайтар оруулахын үүднээс байшингууд нь урагш харсан байдаг. Гэвч давчуу нарийн гудамжнууд, хэрмэн хашаа бүхий Хуутангийн барилгууд мөнхийн сүүдэрт байдаг мэт сэтгэгдэл төрүүлдэг. Хуутангийн төв гудамжууд зүүнээс баруун тийш чиглэсэн байдаг бөгөөд хорооллуудын хооронд хойд ба урд зүгийг холбосон нарийн зам бүхий олон тооны гудам хонгилууд байдаг. Мурий тахир  нэг гудам нь нөгөөтэйгөө нийлж, салаалсаар Хуутангийн төв гудамжтай нийлэх  бөгөөд уг гудамж нь нөгөөтэйгөө нийлж огтлолцоод жинхэнэ төөрдөг байшин л гэсэн үг. Тиймээс сайтар мэдэхгүй бол ганц нэгээрээ зугаалаад баймааргүй юм. Гудамнуудын өргөн урт нь өөр өөр боловч ихэвчлэн их нарийнхан, ганц эгнээгээр цувж явахуйц байх юм.  
Хуутан хороололууд тус бүрдээ нэртэй, бас өөр өөрийн онцлогийг илтгэсэн загасны, ямааны, үнэт эрдэнэсийн, будааны, нүүрсний гэх мэт зах, дэлгүүр, худалдааны төвүүдтэй. Эдүгээ зарим нэг Хуутангийн гудамжууд үүрийн гэгээнээс үдшийн бүрийг хүртэл жуулчны хөл тасардаггүй байна. Аялагчид хүн тэргээр зугаалж, Хуутангийн эртний сурвалж язгууртай оршин суугчийн сонирхолтой яриа сонсон, худалдаа хийн, жинхэнэ суурин хятад ахуйтай танилцдаг ажээ. Та ч гэсэн Бээжин дэх ажил амралтынхаа нэг чөлөөнд эртний Бээжингийн Хуутан хорооллоор хийх аялалын багт ороод үзээрэй. Нүд хужирлах зүйл мундахгүй их юм билээ. Магадгүй хэзээ нэгэн цагт нийслэлчүүд бидний хэл амны бай болоод байгаа Улаанбаатарын гэр хорооллууд маань гадны жуулчдын хөл тасрахгүй үзвэр ч болох юм билүү хэн мэдэх вэ дээ.

ӨмнөхҮзэсгэлэнт Бали арал
ДараахьСоёлт хүн төрөлхтнийг соронздох увдистай Тайланд орноор (Аян замын тэмдэглэл)